Хөвсгөл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||
Байгуулагдсан | 1931 | ||
Аймгийн төв | Мөрөн | ||
Газар нутаг | 100,600 км² | ||
Хүн ам • Нийт (2005) • Нягтшил |
123,416 1.23/км² |
||
Утасны код | +976 (0)138 | ||
Машины код | ХӨ- | ||
ISO 3166-2 | MN-041 | ||
Вэбсайт | gate1.pmis.gov.mn/huvsgul/ |
Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.
Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.
Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.
Агуулга |
[Засварлах] Хүн ам
Тус аймаг нь 123,416 хүн амтай.
1956 тоол. |
1960 тооц. |
1963 тоол. |
1969 тоол. |
1975 тооц. |
1979 тоол. |
1981 тооц. |
1989 тоол. |
1992 тооц. |
1996 тооц. |
1998 тооц. |
2000 тоол. |
2003 тооц. |
2005 тооц. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
58,200 | 64,000 | 63,700 | 74,800 | 82,300 | 88,200 | 91,100 | 101,800 | 119,133 | 113,312 | 117,123 | 117,914 | 124,126 | 123,416 |
[Засварлах] Жижиг ястан, угсаатнууд
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Жижиг ястан, угсаатнууд (өөрсдийн тодорхойлолт), 2000 оны тооллого[5] | ||
---|---|---|
Ястан, угсаатан | Хүн ам | Эзлэх хувь |
Дархад | 16,268 | 13.8% |
Хотгойд | 6229 | 5.3% |
Урианхай | 3036 | 2.6% |
Буриад | 996 | 0.84% |
Цаатан | 269 | 0.23% |
Нийт хүн ам | 117914 | 100% |
[Засварлах] Газар зүй
[Засварлах] Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Сяаны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино.
[Засварлах] Усан хангамж
Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.
Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.
Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.
[Засварлах] Ургамал
Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.
Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.
[Засварлах] Ан амьтан
Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.
Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэн загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.
Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөв тас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.
[Засварлах] Ашигт малтмал
Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин, үүний зэрэгцээ хөнгөн үеийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.
[Засварлах] Түүхт дурсгалт зүйл
Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.
Тухайлбал Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.
[Засварлах] Эдийн засаг
Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.
Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.
[Засварлах] Боловсрол, аялал жуулчлал
Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.
Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.
[Засварлах] Түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.
[Засварлах] Сумд
- Алаг-Эрдэнэ сум
- Арбулаг сум
- Баянзүрх сум
- Бүрэнтогтох сум
- Галт сум
- Жаргалант сум
- Их-Уул сум
- Мөрөн сум
- Хатгал сум
- Рашаант сум
- Рэнчинлхүмбэ сум
- Тариалан сум
- Тосонцэнгэл сум
- Төмөрбулаг сум
- Түнэл сум
- Улаан-Уул сум
- Ханх сум
- Цагааннуур сум
- Цагаан-Уул сум
- Цагаан-Үүр сум
- Цэцэрлэг сум (Хөвсгөл)
- Чандмань-Өндөр сум
- Шинэ-Идэр сум
- Эрдэнэбулган сум
[Засварлах] Ишлэл
Хөвсгөл | |
---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Хатгал сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум (Хөвсгөл) | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий Нийслэл хот: Улаанбаатар |