Зөвлөлт Холбоот Улс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс нь (Орос хэл: Союз Советских Социалистических Республик, СССР) буюу Зөвлөлт Холбоот Улс (Орос хэл:Советский Союз) нь 1922-с 1991 он хүртэл Евразид оршин тогтносон социалист орон байжээ.
Зөвлөлт Холбоот Улс нь 15 Бүгд Найрамдах Улс болон хэд хэдэн автономит улс, хязгааруудаас тогтсон холбооны улс байсан. Энэ холбооны улс нь дэлхийн хуурай газрын зургааны нэгийг хамарсан 200 гаран сая хүн амтай их гүрэн байлаа. ЗХУ нь үзэл суртлын хувьд дэлхийн социалист лагерийн тэргүүлэгч, цэрэг улс төрийн Варшавын гэрээний орнуудын гол хүчин байсан юм.
Агуулга |
[Засварлах] Түүх
[Засварлах] Бүрэлдэн тогтсон нь
- Эртний түүхийг Оросын эзэнт гүрэн өгүүллээс харна уу.
ЗСБНХУ нь Оросын эзэнт гүрний шууд залгамжлагч болон түүний газар нутгийн дийлэнх хэсэгт оршин тогтносон юм.
Оросын эзэнт гүрэн нь 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90,000 км² нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахалаас болон олон сая хүнээ алдав. (185,2 саяаас 136,9 сая) 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан ЗСБНХУ 1922 онд үүсэн тогтсон юм. Эдийн засгийн хувьд 19-р зууны дунд түвшинд очитлоо доройтсон Орос оронг ЗСБНХУ залгамжлан авлаа.
[Засварлах] Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсуудын нэгтгэл
Орос, Украйн, Белорусс, Кавказын холбооны улсуудын (хожим 1936 онд Азербайжан, Армян, Гүрж болон салсан) 1922 оны 12-р сард байгуулсан гэрээгээр Орос улс нь Олон үндэстэн ястны бие даасан, зөвлөлүүдийн засаглалтай улсуудын холбоо буюу ЗСБНХУ байгуулагдав.
Үүний дараагаар:
- 1925 онд Узбекистан, Туркмен
- 1929 онд Таджикистан, 1936 онд Казахстан, Киргиз
- 1940 онд Молдав, Латви, Литва, Эстони улсуудыг ЗСБНХУ нэгтгэжээ.
Нэгтгэжээ гэсний учир нь зарим улсыг (үүнд Балт орчмын орнууд, баруун Украйн, баруун Белорус) Герман-Зөвлөлтийн 1939 оны хуйвалдааны дагуу мөн зарим улсын улирдлагыг нь урвуулах замаар (Тува г.м улс) хүчээр бүрэлдэхүүндээ оруулсан байна. ЗХУ байгуулагдсанаасаа хойш ч газар нутгаа тэлэх бодлого баримталсаар ирсэн бөгөөд энэ бодлого нь Өмнөд Сахалин, Курилийн арлууд, Калининград зэрэг газруудыг нэгтгэсэнээр илэрч байлаа.
[Засварлах] Сталины дэглэм
Владимир Ленин нас барсны дараа 1920-д оны дундуур засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдан Сталины ганцаар дарангуйлах дэглэм тогтож засгийн эрх нэг хүний гарт төвлөрчээ. Энэ үед хэрэгжиж эхэлсэн Шинэ эдийн засгийн бодлого самуурч хүнд үйлдвэржих, хүчээр хамтралжуулах үйл явцаар солигдов. Төрийн бүтэц, үүргийг коммунист нам дангаар гүйцэтгэж нэг намын, нэг хүний удирдлага ноёрхлоо. Бүх орон даяар хэт төвлөрсөн удирдлагатай цэргийн (дотоод яамны) хяналтат систем тогтов. 1934 оноос улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлснээр мянга мянган авьяаслаг сэхээтнүүд, цэрэг, улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд хилсээр гүтгэгдэн цаазлуулж бөөнөөр хорих хөдөлмөрийн лагер гулаг руу зуу зуун мянгаараа илгээгдэж нийгмийн бүх давхарга айдаст автан социалист үзэл санаа, коммунизмын гэрэлт ирээдүйд итгэх итгэл алдарч эхлэв.
1941 онд Фашистын Герман итгэл эвдэн довтолж Эх Орны Дайн эхэлсэн билээ. Дайны үед Сталин үндэсний цөөнх болох Татар, Халимаг, Немц, Туркүүдийг газар нутгаас нь хүчээр нүүлгэн шилжүүлж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулснаар ЗХУ олон улсын тавцанд өндөр нэр олсон боловч коммунист үзэл суртлыг хүчээр экспортлон ардчиллыг нухчин дарж (1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт цэргээ оруулсан) байсан ба өөрийн орондоо ч олон ургалч үзэл, ил тод байдлыг хаан боогдуулж "эмч нарын, ленинградын хэрэг" зэрэг зохиомол хэргүүд үүсгэн тэргүүний сэхээтнүүдээ хэлмэгдүүлэн дарж байв. Энэ дайнд ЗХУ 25 сая хүн, үндэснийхээ баялгийн 28,7%-г алдаж 1172,3 тэрбум доллар зарцуулжээ. Дайны дараа үйлдвэрлэл, дэд бүтцээ сэргээх, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ялангуяа ЗХУ-ын европын хэсэгт маш их хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан. Гэвч Гитлерийн эсрэг дайнд холбоотон байсан орнууд эдийн засгийн хувьд ЗХУ-г ганцаардуулж улс төр, үзэл суртлын хувьд сөрөн зогсох болжээ.
[Засварлах] Сталины дараах ЗХУ
1956 онд ЗХУ-н Коммунист Намын алдарт 20-р их хурал дээр Никита Хрущев нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг илчлэн хурц илтгэл тавилаа. Хрущев засгийн эрхэнд байх үедээ хэлмэгдүүлэлтийг зогсоон улс ардын аж ахуйн хөгжлийг эрчимжүүлж, иргэдийн орон сууцны нөхцлийг сайжруулан, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлснээр улс орны эдийн засаг, ард түмний аж байдал мэдэгдэхүйц дээшилж ирлээ. Оюуны болон материалын нөөцийг зөв зохистой залснаар олон амжилтанд хүрэв.
Тоочвол,
- 1954 - анхны атомын цахилгаан станц
- 1957 - анхны хиймэл дагуул хөөргөв
- 1961 - сансарт анх хүн ниссэн зэрэг байна.
Үүний зэрэгцээ олон улсын харилцаанд ч нааштай дулаан уур амьсгал бий болж 1963 онд цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээ байгуулагдаж байв. Гэвч намын удирдлага дахь хуучинсаг (консерватив) хүчин Хрущевыг улс төрийн тавцангаас зайлуулан коммунист дарангуйллын системээ дахин тогтоож чадсанаар социализм "сонгодог" маягаар оршин тогтносон юм.
[Засварлах] Улс төрийн хувьд
Нэг нам (Брежнев, түүнийг тойрон хүрээлэгчид) төрийн эрхэнд гарч нийтийн тусын тулд нэртэй ч нэг хэсэг бүлэг хүмүүсийн тусын тулд ард түмэн хөдөлмөрлөж байв. Ардчилал хэлбэр төдий байснаас агуулга нь тоталитар дэглэм байлаа.
[Засварлах] Үзэл суртлын хувьд
Дэлхий нийтээс хаалттай, зохиомол социализм коммунизмын үзэл сурталд баригдсан, олон ургалч үзэл, ил тод байдал хориотой.
[Засварлах] Эдийн засаг
Төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагатай, 100% улсын өмчид тулгуурласан хөшүүн хойрго хөрвөх чадваргүй эдийн засагтай байв. Сибирийн нефть, байгалийн хий экспортлож байснаас олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжсөнгүй. Өргөн хэрэглээний бараа ДНБ-ий бага хувийг эзэлж байв. Хээл хахуульд идэгдсэн, алдар нэр горилогчид эдийн засгийн өндөр өсөлтийн тухай худал мэдээлэл илгээж төр, ард түмнээ хууран мэхэлж байсан байна. Узбекстаны намын удирдлага жил бүр хөвөнгийн тариалалт нэмэгдсэн гэж мэдээлж, шагнуулж байжээ. Гэтэл сансрын судалгаагаар энэ нь худал болох нь илэрсэн байна. Хаалттай нийгэм, дотоодын хамгаалахын хатуу хяналт нь гадаад орнуудтай шинжлэх ухаан технологийн мэдээлэл солилцох, шинэ ололт, нээлтүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүх бололцоог хаан боогдуулж байлаа.
[Засварлах] Цэрэг арми
АНУ 1945 онд Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаар дэлхий дээр цэрэг зэвсгийн хүчээр давамгайлах байр суурьтай болж энэ байдлаа 1949 он хүртэл хадгалж байсан юм. ЗХУ 1949 онд атомын, 1954 онд ус төрөгчийн зэвсэг үйлдвэрлэснээр дэлхий цэрэг дайны 2 хүчирхэг лагерт хуваагдан "Хүйтэн дайны аюул" дэлхийд заналхийлэх болов. "Хүйтэн дайн" хэмээх нэр томьёог дөчөөд оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Б.Барух анх хэргэлжээ. ЗХУ социализмын ололтыг хамгаалах нэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд асар их хүч хөрөнгө зарж байлаа.
1978-1987 онуудад ЗХУ байлдааны усан онгоцууд олноор барьж АНУ-тай эн зэрэгцсэн ба шумбагч хөлгийн тоогоор гүйцэж түрүүлсэн байлаа. ЗХУ-ын ерөнхий сайд байсан Николай Рыжков (1986-1989 онд) Варшавын гэрээний орнууд Куб, Монгол зэрэг улсад цэргийн бааз байгуулахад 60 тэрбум доллар зарцуулж байсан хэмээн мэдэгджээ.
1979-1989 онуудад ЗХУ Афганистанд өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд явуулсан дайнд жил бүр 2,6 - 5 тэрбум рубль зарж байсан байна. Эдийн засгийн хувьд асар хүчтэй АНУ, НАТО-н эсрэг цэрэг улс төрийн хувьд сөрөн зогсохын тулд эдийн засгаа цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад чиглүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг улам доройтуулж байлаа.
[Засварлах] Нийгмийн байдал
Ард түмэн бүхэлдээ ядуу байдалтай байв. Шударга хөдөлмөрөөрөө хуримтлал бий болгох эрхгүй, бусдаас хангалуун амьдарч болохгүй нэг хэвэнд цутгасан мэт нийтээр ижил түвшинд байж ядуу байдалтайгаа эвлэрэн архи хэтрүүлэн хэрэглэцгээж 20-р зууны эхэн үеийн Орос орон шиг болжээ. Хээл хахууль газар авч, нам төрийн удирдагчид хууль бус зэвсэг, хар тамхи, эрдэнэсийн наймаа эрхлэн ашиг хонжоо олох болов. (Брежневийн хүргэн, аюулаас хамгаалахын генералын холбогдсон хэрэг) 1979 онд Афганистанд ЗХУ цэргээ оруулсан нь улс төрийн учир шалтгаанаас гадна асар их хар тамхины наймаатай холбоотой байсан аж.
ЗХУ-ын задрал Оросын болон гадаадын судлаачид ЗСБНХУ-ын задрал нь зайлшгүй байсан эсэхэд санал зөрөлдөөнтэй байдаг. Зарим судлаачид ЗХУ дотроосоо задрах үндэс байгаагүй гэж үздэг. Үүнийгээ тэд дараах байдлаар тайлбарладаг.
- ЗСБНХУ эзэнт гүрэн байгаагүй, нэгдмэл нэг улс байсан. Эзэнт гүрэн өөрийн газар нутгаас гадна колони оронтой, колони орны хүн ам эзэн орны хүн амаас эрхийн хувьд хязгаарлагдмал төрийн удирдлагад сонгогддоггүй. Гэтэл Гүрж үндэстэн Сталин нам төрийг удирдан, улс төрийн товчоонд олон бага үндэстэн (Микоян, Алиев) байсан, ЗСБНХУ-ын БНУ-ууд колони байсан гэх баримт, хууль зүйн үндэс байгаагүй.
- Эдийн засгийн хүндрэл нь улс орныг сулруулж болох ч задралд хүргэхгүй байсан. Ийм эдийн засгийн хүндрэл 20-оод онд АНУ-д, соёлын хувьсгалын үед Хятадад ч тохиолдож байсан.
- ЗСБНХУ–ын задрал нь гаднаас, тодорхой хэлбэл АНУ-аас зохиосон ажиллагаа байсан. Үүний тулд хүйтэн дайны үед асар их хөрөнгө зарцуулж мэдээллийн дайн хийж байв. Гуравдагч орны нутагт байрлах радио станцуудыг санхүүжүүлж зөвлөлтийн үзэл суртал, улс төрийг шүүмжлэн барууны орнуудын хөгжлийг магтан дуулсан нь үр дүнгээ өгсөн байж болох юм. 80-аад оны эхээр Роналд Рейганы зөвлөх Макфарлейн боловсруулсан стратегийн хамгаалалтын санаачлага (оддын дайны программ) нь Зөвлөлтийн удирдлагыг төөрөлдүүлэн асар их хөрөнгө үргүй зарцуулуулжээ. Мөн 1980 оны Москвагийн Олимпийн тоглолтод АНУ тэргүүтэй орнууд ЗХУ Афганистанд цэрэг оруулсан хэмээн шалтаглаж хориг тавьсаны дүнд олимпийн тоглолтод асар их хөрөнгө хаясан ЗХУ-д том цохилт болов. Оросын болон гадаадын хэвлэлд тэмдэглэснээр ЗСБНХУ-ын задрал гаднаас зохиосон зохиолоор явагдахын зэрэгцээ коммунист тоталитар дэглэм, нам төрийн удирдлагын ялзрал, социалист хөшүүн эдийн засаг өөрөө гол шалтаан болсон гэж үздэг. Юрий Андроповын тэргүүлсэн Улсын аюулаас хамгаалах хороо (КГБ) өөрийн орны эдийн засгийн байдалд дүгнэлт хийж өрнөдийн хөгжлөөс хол хоцорсныг олж харжээ. Брежнев нас барсны дараа Андропов нам төрийн удирдлагад гарч эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийхээр эхэлсэн боловч өөрийнх нь эрүүл мэнд түүнд боломж олгоогүй юм. Хуучинсаг үзэлтнүүд ч байр сууриа амар тавьж өгсөнгүй.
[Засварлах] Горбачевийн шинэчлэлүүд
Константин Черненкогийн үхлийн дараа эрч хүчтэй зүтгэгч Михаил Горбачёв 1985 оны 3 сард нам төрийн удирдлагад гарч ирэн Өөрчлөн байгуулалт, Ил тод байдал Ардчиллыг зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьжээ. Улс төрийн амьдралд ардчиллыг хөгжүүлэн КГБ-ийн хатуу хяналт сүр хүчийг бууруулан дарангуйллыг устгах хүнд суртлыг арилгахад чиглэгдсэн. Эдийн засгийн хүрээнд өөрчлөн байгуулалт хийхэд цэргийн үйлдвэрийн цогцолбор, армид зарцуулж байсан их хэмжээний хөрөнгийг татах хэрэгтэй болсон. Үндэсний нийт орлогын 12,6%-ийг батлан хамгаалахад зарцуулдаг байжээ. (АНУ-д 5-6%) Социалист системийг хамгаалахад зориулж байсан хүчээ Дорнод Европ, Монголоос татан авчээ.
[Засварлах] Бутрал
Хэдийгээр тэр улс төрийн нээлттэй байдлыг үүсгэхийг оролдсон ч удаан дарагдаж байсан үндсэрхэг, анти Орос үзлийг холбоот улсууддаа үүсгэсэн. Үндсэрхэг үзлийн сэргэлтийг тэдний элитүүд дэмжин тусгаар тогтнох үзэл санааг ард түмэндээ суурилуулж эхэлжээ. Энэ нь Армен, Азербайжаны Уулын Крабахын талаар гарсан мөргөлдөөн, Молдав Преднестеровын зөрчил зэргээр илэрч гарч байв. 1980-аад оны эцсээр Москвагийн засаглалаас гарч, тусгаар тогтнох үйл явц гарсан. Тухайлбал Сталины хүчлэн нэгтгэсэн Латви, Литва, Эстони гэх Балтын гурван улс, бусад Украйн, Азербайжан гэх мэт бүгд найрамдах улсуудад өрнөж эхэлсэн. Эдгээр хөдөлгөөнүүд нь Москва эдийн засгаа аврахын тулд дэргэдхээ золигт гаргаснаар бүр хурцадсан. Горбачев санаандгүй хүчээ сул тавьсан нь хожим Зөвлөлт Холбоот улсыг бүрмөсөн сөнөөх байжээ. ЗХУ-н харъяат бүгд найрамдах улсуудын коммунист засгууд ямарч эсэргүүцэлгүйгээр огцорч байлаа.
Мэдээллийн эрх чөлөө нь коммунист намын мэдээлэл дахь хяналтыг алдуулж эрх мэдэлтнүүдэд хүндрэл учруулжээ. Ингэснээр Зөвлөлт засгийн удаан хугацаанд нуун дарж байсан: Нийгэм, эдийн засгийн хямрал зэрэг нь ил гарсан. Хэвлэлүүд Их Цэвэрлэгээ гэх мэт социалист дэглэм, Сталинтай холбоотой гэмт хэргүүдийг дэлгэж олон жил сайн сайхнаар ухуулсан зөвлөлт засгийн бүх гайхалтай амьдрал нуран уналаа.
Ельцин ЗСБНХ Орос улсын дээд зөвлөлийн дарга болсны дараа ЗХУ-ын коммунист намаас өөрөө гарч Орос болон бусад үндэстний элитүүдийн хамтаар намаас төрийг тусгаарласан хууль гаргуулжээ. 1990 оны 2 сарын 07 ний өдөр Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын төв хороо өөрийн толгой эрх мэдлээ өгөв. 1991 оны 8 сарын 16-нд Горбачевийг Крымд амарч байх үед дэд ерөнхийлөгч Генади Янаев, ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд, КГБ-н дарга, мөн бусад албаны дарга нар "улсын онц байдлын хороог" байгуулсан. Тус хороо нь Горбачевийг гэрийн хорионд хорьж холбооны улсыг сэргээхийг оролдсон. Төрийн эргэлт гаргачид ард иргэдийн дэмжлэгийг олно гэж таамаглаж байсан ч Москвагийн иргэд тэднийг эрс эсэргүүцэж байлаа. Гурван өдрийн дараа 8 сарын 21-нд эргэлт гаргагчид бутарч, зохион байгуулагчид нь хоригдон Горбачев ЗХУ-н ерөнхийлөгчөөр дахин тавигджээ.
Гэхдээ Горбачевийн хүч машид суларч ямарч холбоо, зэвсэгт хүчин түүний удирдлагыг үл ойшоож байлаа. Москвагийн гудамжинд хуучинсаг үзэл тоталитар дэглэм, цэргийн засаглалыг эсэргүүцсэн иргэд хаант Оросын төрийн далбааг мандуулж байсан нь хожим байгуулагдах Оросын Холбооны улсын төрийн далбаа болсон юм. Цэргийнхэн ч танкан дээрээ тус далбааг зурж ард иргэдтэйгээ санаа сэтгэл нэгтэй гэдгээ илэрхийлж байжээ.
Энэ л эгзэгтэй мөчид Ельцин үндэсний удирдлагаар тодрон гарч ОХУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Төрийн эргэлтийн дараа тусгаар тогтнолр уу чиглэх үйл ажиллагаа хурдасч БНУ-ууд дуу дуугаа авалцан тусгаар улсаа зарлаж байв. ЗСБНХУ-н бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо баталж Москватай "хуулийн дайн" явуулсан. Энэ нь бүгд найрамдах улсын хууль Зөвлөлтийн хуулиас ангид байх, эдийн засгийн удирдлагыг өөрсдөө авч Москвад татвар төлөхгүй байх зэрэг байлаа.
1991 оны 12 сарын 8-нд Орос, Белорус, Украйны удирдагчид (тэд бүгд хуучин коммунистууд байсан) "Белавенская Пушка"-д хуралдаж ЗХУ задарч "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл" болсон хэмээн зарлажээ. Горбачев энэ үед улсгүй ерөнхийлөгч болон хувирлаа. ЗСБНХУ-г задарсаныг тунхагласны дараа Михаил Горбачев хэд хэдэн ярилцлага өгөхдөө үүнд шүүмжлэлтэй хандаж байсан байна. Түүгээр ч зогсохгүй Кремьлд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. Харин Борис Ельцин түүнийг огцрохыг шаардан зөвлөлтийн улс төр, эдийн засгийн төв байгууллагуудыг алхам алхмаар устгаж байлаа.
12 сарын 19-нд ЗХУ-н гадаад явдлын яамны үйл ажиллагааг зогсоох, дараа өдөр нь ЗСБНХУ-н улсын банкийг Оросын төв банк болгох, ОХУ-н ерөнхийлөгчийн аппаратыг Кремьлийн ордонд шилжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Энэ нь нэг ёсондоо Горбачевт өгсөн тулган шаардалт болсон байна. Ельциний эдгээр шийдвэрүүдийг тэр маш эмзэгээр хүлээж авчээ. Түүний зөвлөхүүд ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгалах боловч Кремлиэс явахыг санал болгосон. Гэвч Горбачев энэ саналыг хүлээж авалгүй Алма-Атад болж байгаа 11 бүгд найрамдах улсын тэргүүлэгчдийн зөвөлгөөний шийдвэрийг хүлээж байлаа.
12 сарын 21-ны орой Горбачев Францын ерөнхийлөгч Франсуа Меттерантай утсаар ярихдаа ойрын үед огцорч магадгүй гэдгээ мэдэдсэн. Алма-Атад хуралдсан 11 орны тэргүүлэгчид 12 сарын 20-ны орой ЗСБНХУ-н ерөнхийлөгчийн институтын үйл ажиллагааг зогсоож тусгаар улсуудын нөхөрллийн холбоо байгууласныг зарлаж ЗСБНХУ-н анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч Горбачевийн байгуулсан гавъяаг өндрөөр үнэлж насан туршийн тэтгэмж, тусгай хангамж эдлүүлэхээр баталсан байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулагдсан тухай Алма-Атагийн шийдвэр Москвад 12 сарын 21-ны үдээс хойш ирсэн, Горбачев огцрохоо мэдэгдэхэд бэлэн байсан боловч тэр яарсангүй.
Оросын ерөнхийлөгч Ельцинийг Казакстанаас ирэхийг хүлээжээ. Тэдний уулзалт нүүр нүүрээ харалцан 10 цаг үргэлжилсэн байна. 12 сарын 25-ны орой 7 цагт зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч (БН улсууд тусгаар тогтносон боловч арми нэгдмэл хэвээр байв) огцорсон тухайгаа хуучин ЗХУ болон дэлхийн бусад 153 оронд Теле компаниар дамжуулж шууд мэдэгджээ. Тэрээр ЗСБНХУ задарсанд харамсаж байгаа төдийгүй түүний цаашдын хувь заяанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Горбачев телевизерээр үг хэлснийхээ дараа өрөөндөө ирж Ельцинд цөмийн зэвсгийн түлхүүрийг гардуулах ёстой байсанч Ельцин Горбачевийн телевизерээр хэлсэн үгэнд нь эгдүүцэн өрөөнд нь очиж авах бус Кремьлийн өөр нэг өрөөнд авч ирэхийг шаардсан, Мөн үүнд нь Горбачев дургүйцэн цөмийн зэвсгийн түлхүүрийг түүнийг дагалдан цөмийн зэвсгйин цүнхийг авч явдаг хоёр хурандаа, батлан хамгаалах яамны сайд Шапошников нарт өгчээ. Түүнийг телевизерээр үг хэлж байхад Кремлийн ордон дээрхи ЗСБНХУ-ын улаан далбааг буулган Оросын гурван өнгөт далбааг өргөжээ. Энэ хүнд хэцүү сүүлчийн мөчүүдэд Горбачевийг дэмжсэн, харамссан ганц ч утасны дуудлага ирээгүй гэдэг. Ийнхүү 1922 онд ЗСБНХУ-ыг зарласан тунхаг бичгийг цуцалсан байна. Оны сүүлээр Зөвлөлтийн бүх яамд үйл ажиллагаагаа зогсоосон.
[Засварлах] Бүрэлдэхүүн
- ЗСБН Холбоот Орос улс
- ЗСБН Украйн улс
- ЗСБН Белорус улс
- ЗСБН Узбек улс
- ЗСБН Казах улс
- ЗСБН Гүрж улс
- ЗСБН Литва улс
- ЗСБН Азербайжан улс
- ЗСБН Молдав улс
- ЗСБН Латви улс
- ЗСБН Киргиз улс
- ЗСБН Тажик улс
- ЗСБН Армен улс
- ЗСБН Туркмен улс
- ЗСБН Эстон улс
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Союз Советских Социалистических Республик - зураг, медиа материалууд |