Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Хүн - Википедиа

Хүн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

"Хүмүүс" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Хүмүүс (салаа утга)-г үзнэ үү.
Хүн
Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтний
Анги: Хөхтний
Баг: Приматын
Овог: Гоминид
Төрөл: Хүн
Зүйл: Ухаант хүн (H. sapiens)
Дэд зүйл: H. s. sapiens
Латин нэршил
Homo sapiens sapiens
Карл Линней, 1758

Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (Латин: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1][2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүссэн[3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2007 оны байдлаар Дэлхийн хүн ам 6.6 тэрбумаас даваад байна[4].

Агуулга

[Засварлах] Түүх

[Засварлах] Үүсэл

Эртний хүний өвөг болох Australopithecus afarensis-ыг сэргээн босгосон байдал. Уг зүйл нь анх хойд хоёр хөл дээрээ явах болсон боловч орчин үеийн хүнтэй харьцуулахад маш жижиг тархитай байжээ.
Эртний хүний өвөг болох Australopithecus afarensis-ыг сэргээн босгосон байдал. Уг зүйл нь анх хойд хоёр хөл дээрээ явах болсон боловч орчин үеийн хүнтэй харьцуулахад маш жижиг тархитай байжээ.

Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлийн хувьслын судалгаа байдаг. "Орчин үеийн хүн" нь биологийн хувьд дээр дурьдсан зүйлд (Homo sapiens) хамаарах Homo sapiens sapiens дэд зүйл юм. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens idaltu бөгөөд мөхсөн байна[5]. 130,000 жилийн өмнөх үед хамаарах, орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон болно. [6][7].

Homo sapiens-тэй хамгийн төстэй, одоо оршин буй зүйл амьтад бол Паны төрөлд хамаарах 2 зүйл сармагчин: Бонобо (Pan paniscus) ба Шимпанзе (Pan paniscus) юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь "нийгмийн" (сүргийн) зохион байгуулалт болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд "6.5 сая жилийн хувьслын дараа, бонобо/шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харх ба хулганы ялгаанаас 10 дахин бага болсон" гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба энэхүү 2 зүйл сармагчин болон хүний ДНХ-гийн 95% нь ижил байдагийг тогтоожээ[8][9][10][11]. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна.

1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү нүүн шилжсэн байна[12].

[Засварлах] Соёл иргэншил

Газар тариалан нь суурин соёл, иргэншлийн үндэс болсон байна.
Газар тариалан нь суурин соёл, иргэншлийн үндэс болсон байна.
Гол өгүүлэл: Дэлхийн түүх

Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар бол Homo sapiens нь Африкийн саваннад, 200,000 жилийн өмнө Homo erectus-с үүссэн бөгөөд, 40,000 жилийн өмнө Еврази ба Номхон далайн орнууд уруу, 10,000 жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ[13]. Энэ Homo sapiens-ууд Homo erectus-с үүссэн бусад зүйлүүдийнхээ (жишээлбэл Homo neanderthalensis - энэ зүйл нь Евроазид 2 саяаас илүү жилийн өмнө нүүн ирж суурьшсан) байрыг эзэлсэн байна.

Ойролцоогоор 10,000 жилийн өмнө хүртэл хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр (одоо хүртэл амьдралын энэ хэлбэр байгаа), ан агнаж амьдарч байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс газар тариалан эрхлэх болсноор суурин амьдралын эх тавигдаж, амьтан гаршуулан, зарим металлуудыг ашиглаж эхэлжээ. Улмаар худалдаа, нийгмийн харилцаа үүсэж, тосгон байгуулагдан, Ойрхи дорнод зэрэг бүс нутагт анхны иргэншил бий болжээ.

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө, прото-улсууд болох Мезопотам, Эртний Египет үүсэж, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болов. 2,000–3,000 жилийн өмнө Перс, Хятад, Ромын зэрэг эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэлээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.

Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны их үсрэлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжив. Үүний дараагаар газарзүйн, 17-р зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, 18 ба 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авав. Төрийн байгуулалтын олон янзын хэлбэрүүд энэ үед үүссэн болно.

[Засварлах] Хүн ам ба амьдрах хэв маяг

Хүн төрлөхтөн нь амьдран буй орчноо өөрчлөн зохион байгуулах замаар тулгамдсан асуудлуудыг (жишээлбэл, өндөр барилга барих замаар хүн амын нягтралаас үүсэх асуудлыг) шийдвэрлэнэ. Хонконг хот.
Хүн төрлөхтөн нь амьдран буй орчноо өөрчлөн зохион байгуулах замаар тулгамдсан асуудлуудыг (жишээлбэл, өндөр барилга барих замаар хүн амын нягтралаас үүсэх асуудлыг) шийдвэрлэнэ. Хонконг хот.

Хүний түүхийн эхэн үед хүмүүс нь ус болон бусад төрлийн байгалийн баялаг (газар тарилан эрхэлж болохуйц тал, ангаар баялаг ой гэх мэт), уур амьсгалын нөхцлөөс ихээхэн хамаарч байжээ. Орчин үеийн технологийн дэвшил нь хүмүүст бүх төрлийн уур амьсгалын нөхцөлд амьдрал боломжийг олгож, сүүлийн хэдхэн арван жилийн дотор хүмүүс Антарктид, далайн ёроол, сансрыг судалж, тэнд богино хугацаагаар амьдарч байна. Дэлхийн хүн амын тоо 6 тэрбумаас давсан ба 61% нь Ази, 14% нь Америк, 13% нь Африк, 12% нь Европ, 0.5% нь Номхон далайн орнуудад амьдарч байна.

Антарктид ба задгай сансарт амьдрах нь маш үнэтэй, удаан хугацаагаар байх боломжгүй бөгөөд одоогийн байдлаар тун цөөхөн хүмүүс задгай сансарт гарсан байна. 1969, 1972 онд 2 хүн Саран дээр очсон бөгөөд бусад гариг дээр зөвхөн хүний гараар бүтээгдсэн роботууд хүрсэн болно.

1800 - 2000 оны хооронд Дэлхийн хүн ам 1 тэрбумаас 6 тэрбум болж нэмэгдэв. 2004 оны байдлаар 2.5 тэрбум хүн хот сууринд амьдарч байгаа бөгөөд энэ тоо цаашид өснө гэж тооцож байна. Суурин газрын хүн ам нэмэгдсэнээр төрөл бүрийн бохирдол, гэмт хэрэг ихсэх хандлагатай байна[14].

Хүмүүс хүрээлэн буй байгаль орчиндоо ихээхэн хэмжээгээр нөлөөлж байна. Сүүлийн үед хурцаар тавигдаж буй асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт юм[15]. Эрдэмтэд одоогийн байгаа хурдаар цаг уурын өөрчлөлт явагдвал, 21-р зуунд Дэлхийн амьтны зүйлийн бүрдлийн талаас илүү нь мөхөх болно гэж тооцож байна[16][17].

[Засварлах] Биологи

Эрэгтэй хүний араг ясны диаграмм (эртний зураг)
Эрэгтэй хүний араг ясны диаграмм (эртний зураг)
Гол өгүүлэл: Хүний биологи

[Засварлах] Физиологи ба генетик

Гол өгүүлэл: Хүний анатоми

Насанд хүрсэн хүний дундаж өндөр 1.5 - 1.8 м байна[18][19]. Хүн бусад приматуудтай харьцуулахад бараг үсгүй мэт боловч, толгой, суга, умдаг орчимдоо ихээхэн, бусад биеэрээ богино, зөөлөн, тачир үстэй болно[20]. Хүний арьсны өнгө хар хүрнээс, цагаан шаргал хүртэл, үсний өнгө цайвар шараас, хүрэн, улаан хүртэл байх боловч ихэнхи тохиолдолд хар өнгөтэй байна[21]. Арьсны өнгө нь газарзүйн байрлалаас хамааран өөрчлөгдөх ба ерөнхий тохиолдолд нарны хэт ягаан туяаны эрчимжилттэй хамааралтай байдаг байна. Мөн хүний арьс нь нарны хэт ягаан туяа ихэссэн үед өнгөө өөрчлөх чадвартай байна[22][23]. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг, харин хүүхэд 9-10 цаг унтана.

Хүний хуваагдаж буй эс болгон 23 хос хромосомтой байна. Үүний 22 хос нь автосом, үлдэх нэг хос нь хүйс тодорхойлдог хромосом юм. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд ойролцоогоор 20,000-25,000 ген байдаг гэж тооцоод байгаа ба бусад хөхтөн амьтадтай адил хүн нь хүйс тодорхойлох XY системтэй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн хүйс тодорхойлох ХХ, эрэгтэй хүн XY хромосомтой байна.

5 долоо хоногтой хүний үр хөврөл
5 долоо хоногтой хүний үр хөврөл

[Засварлах] Амьдралын мөчлөг

Хүний амьдралын мөчлөг нь бусад хөхтөн амьтдынхтай адил. Бэлгийн хурьцлаар эр бэлгийн эс, өндгөн эстэй нэгдэн үр тогтоно. Энэхүү үр тогтсон өндгөн эсийг зигот гэх ба эмэгтэй хүн ойролцоогоор 38 долоо хоногийн турш жирэмслэнэ. Энэ хугацаанд хүний үр хөврөл бүрэн торнино. Улмаар шинэ хүүхэд эхээс төрнө.

Бага насны охид
Бага насны охид

Бусад зүйлийн амьтадтай харьцуулахад хүний төрөлт нь эрсдэл өндөртэй, учир нь хүүхдийн толгой, эхийн аарцагны ясны хэмжээнээс том байдаг байна[24][25]. Шинэ төрж буй хүүхэд ойролцоогоор 3 – 4 кг, 50 – 60 см урттай байна[26]. Хүүхэд цаашид өссөөр, 12 - 15 настайдаа бэлгийн хувьд боловсрох ба охид 18 нас, хөвгүүд 21 нас хүртлээ өснө. Хүний дундаж наслалт Дэлхийн орон бүрд харилцан адилгүй байна. Хонконгт эмэгтэй хүний дундаж наслалт 84.8, эрэгтэй хүнийх 78.9 байдаг бол Свазилэндэд ДОХ-ын халдвараас болоод дөнгөж 31.3 байна[27]. Европт 5 хүн тутмын нэг нь, харин Африкт 20 хүн тутмын нэг нь 60-с дээш настай байдаг[28].

НҮБ-ийн 2002 оны судалгаагаар Дэлхий дээр 100-с дээш настай 210,000 хүн байна[29]. Дэлхийн хэмжээнд 60-с дээш настай 100 эмэгтэй тутамд мөн насны 81 эрэгтэй ноогддог байна. Хүн нас барсны дараа өөр амьдрал байдаг эсэх нь маргаантай асуулт бөгөөд оршуулах ёслол нь үхлийн дараах амьдралтай холбоотой үүссэн зан үйл юм.

[Засварлах] Сэтгэл зүй

Гол өгүүлэл: Тархи ба Оюун ухаан

Тархи нь хүний төв мэдрэлийн системийн төв юм. Тархи нь "доод" буюу автоном үйлдлүүд болох амьсгалах, хооллох зэрэг үйлдлүүдийг удирдахаас гадна, мөн "дээд" буюу ухамсарын үйлдлүүд болох бодох, хийсвэрлэх зэрэг үйлдлүүдийг удирдана[30]. Эдгээр ухамсарын буюу танин мэдэхүйн үйлдлүүд нь оюун ухаантай холбоотой ба үүнээс урган гарах шинж чанаруудыг сэтгэлзүй судлана.

Хүний тархи нь дээд буюу ухамсрын үйлдлүүдийг хийх илүү чадамжтайгаараа бүх бүх зүйл амьтдаас ялгарна. Амьтад зөвхөн зөн совингоороо хамгийн энгийн зүйлсийг багаж болгон хэрэглэдэг бол хүн төрлөхтөн цаг хугацааны туршид багаж хэрэгслээ улам боловсронгуй болгон сайжруулсаар ирсэн байна. Хамгийн эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж хүртэл бусад зүйл амьтдын хэрэглэдэгээс хамаагүй боловсронгуй байжээ[31].

[Засварлах] Соёл

edit
Хүний нийгэмийн талаархи тоо баримтууд
Дэлхийн хүн ам 6,670,000,000 (2008 оны 4 сар)
Нягтшил (Дэлхийн дундаж) нийт талбайн км² тутамд 12.7 хүн
хуурай газрын км² тутамд 43.6 хүн
Том төвлөрлүүд (хот) Токио, Мехико, Сан Пауло, Буэнос-Айрес, Истанбул, Жакарта, Шанхай, Хон Конг, Манила, Каир, Нью Йорк, Лос Анжелес, Сөүл, Мумбай, Москва, Лондон, Парис
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлнүүд (2000 оныхоор) Хятад 1.12 тэрбум
Англи 480 сая
Испани 320 сая
Орос 285 сая
Франц 265 сая
Хинди 250 сая
Араб 221 сая
Гол мөнгөн дэвсгэртүүд

Америк доллар, евро, иен, фунт стерлинг, рупи, Австрали доллар, рубль, Канад доллар, юан болон бусад

Дэлхийн ДНБ $36,356,240 сая америк доллар
(нэг хүнд $5,797 ам.дол.)
Гол өгүүлэл: Соёл

Соёл гэдэгт нийгмийн социал бүлгийн оюун, сэтгэлгээ, итгэл бишрэлтэй холбоотой бүлэг зүйлийг хамруулан ойлгох ба үүнд, урлаг, уран зохиол, амьдралын хэв маяг, уламжлал, зан заншил, итгэл бишрэл зэрэг багтана. Хүний биологи ба хүний шинж чанар, соёл нь хоорондоо нягт холбоотой байна.

[Засварлах] Хэл

Гол өгүүлэл: Хэл

Үзэл бодол, сэтгэгдэлээ хүн нь хэл яриа, бичгээр дамжуулан илэрхийлнэ. Энэ бол хүний нэгэн онцгой чадвар бөгөөд хэл яриа нь хүмүүсийн харилцааны цөм болно.

Анхны бичгийн системийг ойролцоогоор 5000 жилийн өмнө зохиосон бөгөөд энэ бол соёлын хувьсгалын үндсэн шат байв. Хэл шинжлэл нь хэлний бүтэц, өөр хэлнүүдийн харилцан уялдааг судалдаг ухаан юм. Дэлхий дээр ойролцоогоор 6000 орчим хэл хэрэглэгдэж байна гэсэн тооцоо байдаг.

Allegory of Music. Хөгжмийн нот бичиж буй эмэгтэй, Лоренц Липпи, 1594 он
Allegory of Music. Хөгжмийн нот бичиж буй эмэгтэй, Лоренц Липпи, 1594 он

[Засварлах] Урлаг, хөгжим, уран зохиол

Гол өгүүлэл: Урлаг, Хөгжим, ба Уран зохиол

Урлагийн бүтээл нь хүний түүхийн эхнээс эхлэн одоог хүртэл оршин байгаа ба урлаг нь хүнийг бусад зүйл амьтдаас ялгадаг нэг гол түлхүүр шинж юм.

Хөгжим нь хүнд заяасан байгалийн зөн бөгөөд ритм, зохимж, аялгуу гэсэн хорондоо холбоотой 3 зүйлсээс бүрдэнэ. Хөгжмийн олон төрлийн урсгал байна.

Уран зохиол нь ихэнхи тохиолдолд хэн нэгний зохиосон бичгийн болон аман хэлбэрийн бүтээл ба өгүүллэг тууж, шүлэг, яруу найраг , драм зэрэг багтана. Уран зохиолын төрөлд туульс, домог, үлгэр зэрэг мөн багтана.

[Засварлах] Шинжлэх ухаан ба технологи

Гол өгүүлэл: Шинжлэх ухаан ба Технологи

Шинжлэх ухаан гэдэг нь орчлон дэлхийн тухай, зохион байгуулалтанд оруулсан мэдлэгийн цогц, харин технологи гэдэгт хүн төрлөхтөн өөрийн хэрэгцээнд зориулан бүтээсэн бүх зүйлсийг хамруулна.

Сансар судлал нь хүн төрлөхтөнд шинэ боломж олгож байна
Сансар судлал нь хүн төрлөхтөнд шинэ боломж олгож байна

Хүн төрлөхтний соёлуудын нийтлэг болон ялгаатай талууд нь тэдгээр хүмүүсийн бүтээсэн бол хэрэглэж буй зүйлсээр илрэнэ. Археологи нь өнгөрсөн түүхийн хугацаанд оршин байсан соёлуудыг судлана. Эртний хүмүүс чулуун зэвсэг, вааран эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсүүдийн бүтээж, хэрэглэж байсан ба эдгээр нь цаг хугацаа болон тодорхой бүс нутгуудын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг байна.

Технологийн дэвшлээр соёлын нэг төвшнөөс нөгөө төвшин рүү шилжинэ. Жишээлбэл газар тариалан нь анх салангид, цөөн хэдэн газарт үүссэн боловч маш богино хугацаанд тархаж, хүн төрлөхтний амьдралын үндсэн хэлбэр болсон. Зэр зэвсэг, архитектур, төмөрлөгийн үйлдвэрлэлд гарсан дэвшил мөн адил богино хугацаанд хурдацтай дэлгэрсэн байдаг.

Эдгээр технологиуд нь аман хэлбэрээр тархсан ба технологийн нэгэн төрөл болох бичиг үсэг нь бүс нутгуудын хооронд мэдээлэл дамжих боломжийг асар ихээр нэмэгдүүлэв.

Дээр дурьдсан дэвшлүүд нь иргэншил, хотжилт үүсэх боломжийг бүрдүүлж, аажим энэ нь шинэ технологи бий болгох, дэлгэрүүлэх, боловсронгуй болгох тодорхой бүтцүүдийг үүсэхэд нөлөөлөв. Одоо шинжлэх ухаан нь хүн төрлөхтний соёлын үндсэн цөм болоод байна.

[Засварлах] Арьс өнгө ба угсаатан

Гол өгүүлэл: Арьсны өнгө, Генетик, ба Угсаатан

Хүн төрлөхтөн түүхийн цаг хугацааны туршид өөрсдийгөө арьсны өнгөөр, мөн тодорхой угсаатны бүлгүүдээр ангилж ирсэн байна. Арьсны өнгөөр хүмүүсийг ангилах нь биологийн хувьд зөв ангилал эсэх нь одоо хүртэл маргаантай байгаа болно[33] Арьсны өнгөөр ангилахын үндэс нь харагдах байдал ба удам гаралтай холбоотой, тодруулбал хүний арьсны өнгө, нүүрний төрхтэй холбоотой болно.

Одоо тогтоогдсон генетикийн болон археологийн баталгаанууд дээр тулгуурлан орчин цагийн хүн нь Зүүн Африкаас гаралтай гэж үзэж байна[34]. Хэдийгээр бусад амьтдынхыг бодвол хүний гений дараалал нь харьцангуй нэгэн төрлийн байдаг боловч (homogeneous)[35][36][37][38], Африк тив дэх хүмүүсийн ген нь бусад тивийн хүмүүсийнхтэй харьцуулахад генетикийн хувьд хамгийн олон төрлийнх (genetically diverse) байдаг[39]. Генийн гажигуудын дийлэнх нь "нэг өнгийн арьсны бүлэг" бүхий хүмүүс дотор илрэх ба харин "өөр арьсны өнгө бүхий бүлгүүдэд" нийт генийн гажигийн дөнгөж 5-15% тохиолддогийг тогтоосон байна[40]. Уг асуудал хамгийн маргаантай судалгааны чиглэлийн нэг гэж тооцогдож байна[41][42].

Харин угсаатны бүлэг нь хэл, соёл, гарал угсаа, үндэстэн, газар нутагтай салшгүй холбоотой болно. Ураг төрлийн холбоо угсаатны үндэс болно.

[Засварлах] Нийгэм, засгийн газар ба улс төр

Нью-Йорк хот дахь НҮБ-ийн байр. Уг байгууллага нь Дэлхий дээрхи улс төрийн хамгийн том байгууллагуудын нэг юм.
Нью-Йорк хот дахь НҮБ-ийн байр. Уг байгууллага нь Дэлхий дээрхи улс төрийн хамгийн том байгууллагуудын нэг юм.
Гол өгүүлэл: Нийгэм, Засгийн газар, Улс төр, ба Төр

Нийгэм гэдэг нь хүмүүсийн харилцаанаас урган гарсан зохион байгуулалт бүхий нийлмэл системийг хэлнэ.

Төр нь тодорхой газар нутгийн хүрээн дэх, зохион байгуулалттай улс төрийн нэгдлийг хэлнэ. Төр нь засгийн газартай, өөрийн газар нутгийн хүрээнд хэмжээлшгүй эрхтэй байна. Засгийн газрыг улс төрийн утгаар нь хууль тогтоох, түүнийг мөрдүүлэх зорилготой, шатлан захирах бүтэц бүхий байгууллага гэж тодорхойлж болно.

Улс төрийн бодлого нь нийгмийн бүлэг дэх шийдвэрээр дамжин явагдах процесс юм. Ерөнхий тохиолдолд үүнийг засгийн газрын шинж чанарыг тодорхойлоход хэрэглэх боловч, мөн хамтын ажиллагаа, акедемик, байгууллын хүрээнд хэрэглэж болно.

Дээрхи дурьдсан зүйлс нь эдийн засагтай нягт холбогдоно.

Японы Нагасаки, Хирошима хот дээр хаяасан атомын бөмбөг нь 120,000 гаруй хүний амь нас сүйтгэсэн байна.
Японы Нагасаки, Хирошима хот дээр хаяасан атомын бөмбөг нь 120,000 гаруй хүний амь нас сүйтгэсэн байна.

[Засварлах] Дайн

Гол өгүүлэл: Дайн

Дайн нь бүлэг хүмүүс, улс, тодорхой бүтцүүдийн хоорондын том хэмжээний зөрчил бөгөөд зөрчилдөгч талууд, хоорондоо галт зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх явдлаар илрэнэ. 20-р зуунд 167-188 сая хүн дайнд амь үрэгдсэн байна[43].

Дайн нь хэдий асар их хэмжээний сүйрэл, гамшиг дагуулдаг боловч, нөгөө талаас технологийн дэвшлийг түргэтгэдэг байна. Эм зүй, байршил тогтоох, металлург, бөөнөөр үйлдвэрлэх, цөмийн технологи, пуужин, компьютер зэргийн хөгжилд дайн тодорхой нөлөө үзүүлсэн байна.

[Засварлах] Эдийн засаг ба худалдаа

Гватемалийн зах дээр хүмүүс худалдаа хийж байна
Гватемалийн зах дээр хүмүүс худалдаа хийж байна
Гол өгүүлэл: Худалдаа ба Эдийн засаг

Худалдаа гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг солилцох үйл явц буюу эдийн засгийн нэг төрөл юм. Үндсэн механизмыг нь зах зээл гэж нэрлэнэ. Худалдааны анхны хэлбэр нь бараа солилцоо байсан байна. Орчин үеийн худалдаа бол хэлцэл, мөнгөн солилцоон дээр тулгуурлана. Цаасан мөнгө, хожим зээлийг нэвтрүүлснээр худалдааг хялбархан хийх боломжтой болов.

Эдийн засаг нь нийгмийн шинжлэх ухааны нэг салбар бөгөөд бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа, хэрэглээ зэргийг судлана.

[Засварлах] Ишлэл

  1. Goodman M, Tagle D, Fitch D, Bailey W, Czelusniak J, Koop B, Benson P, Slightom J (1990). "Primate evolution at the DNA level and a classification of hominoids". J Mol Evol 30 (3): 260 – 6. PMID 2109087.
  2. Hominidae Classification. Animal Diversity Web @ UMich. 2006-09-25-д авсан.
  3. The Smithsonian Institution, Human Origins Program
  4. World POPClock Projection. U.S. Census Bureau, Population Division/International Programs Center. 2007-06-14-д авсан.
  5. Human evolution: the fossil evidence in 3D, by Philip L. Walker and Edward H. Hagen, Dept of Anthropology, University of California, Santa Barbara, retrieved April 5, 2005.
  6. Human Ancestors Hall: Homo Sapiens - URL retrieved October 13, 2006
  7. Alemseged Z, Coppens Y, Geraads D (2002). "Hominid cranium from Omo: Description and taxonomy of Omo-323-1976-896". Am J Phys Anthropol 117 (2): 103-12. PMID 11815945.
  8. Frans de Waal, Bonobo. Berkeley: University of California Press, 1997. ISBN 0-520-20535-9 [1]
  9. Britten RJ (2002). "Divergence between samples of chimpanzee and human DNA sequences is 5%, counting indels". Proc Natl Acad Sci U S A 99 (21): 13633-5. PMID 12368483.
  10. Wildman D, Uddin M, Liu G, Grossman L, Goodman M (2003). "Implications of natural selection in shaping 99.4% nonsynonymous DNA identity between humans and chimpanzees: enlarging genus Homo.". Proc Natl Acad Sci U S A 100 (12): 7181-8. PMID 12766228.
  11. Ruvolo M (1997). "Molecular phylogeny of the hominoids: inferences from multiple independent DNA sequence data sets.". Mol Biol Evol 14 (3): 248-65. PMID 9066793.
  12. Eswaran, Vinayak, Harpending, Henry & Rogers, Alan R. Genomics refutes an exclusively African origin of humans, Journal of Human Evolution, In Press, Corrected Proof, retrieved May 6, 2005.
  13. Templeton, Alan (2002). "Out of Africa again and again" Nature 416: 45 - 51.
  14. Urban, Suburban, and Rural Victimization, 1993-98 U.S. Department of Justice, Bureau of Justice Statistics,. Accessed 29 Oct 2006
  15. www.grida.no/climate/ipcc_tar/wg1/007.htm. 2007-05-30-д авсан.
  16. American Association for the Advancement of Science. Foreword. AAAS Atlas of Population & Environment.
  17. Wilson, E.O. (2002). in The Future of Life.
  18. de Beer H (2004). "Observations on the history of Dutch physical stature from the late-Middle Ages to the present.". Econ Hum Biol 2 (1): 45-55. PMID 15463992.
  19. "Pygmy." Britannica Concise Encyclopedia. Encyclopædia Britannica, Inc., 2006. Answers.com Accessed 30 Oct. 2006. http://www.answers.com/topic/pygmy
  20. Why Humans and Their Fur Parted Way by Nicholas Wade, New York Times, August 19 2003, retrieved March 17, 2006.
  21. Rogers, Alan R., Iltis, David & Wooding, Stephen (2004). "Genetic variation at the MC1R locus and the time since loss of human body hair". Current Anthropology 45 (1): 105-108.
  22. Harding, Rosalind M., Eugene Healy, Amanda J. Ray, Nichola S. Ellis, Niamh Flanagan, Carol Todd, Craig Dixon, Antti Sajantila, Ian J. Jackson, Mark A. Birch-Machin, and Jonathan L. Rees (2000). Evidence for variable selective pressures at MC1R. American Journal of Human Genetics 66: 1351 – 1361.
  23. Robin, Ashley (1991). Biological Perspectives on Human Pigmentation. Cambridge: Cambridge University Press.
  24. LaVelle M (1995). "Natural selection and developmental sexual variation in the human pelvis". Am J Phys Anthropol 98 (1): 59-72. PMID 8579191.
  25. Correia H, Balseiro S, De Areia M (2005). "Sexual dimorphism in the human pelvis: testing a new hypothesis". Homo 56 (2): 153-60. PMID 16130838.
  26. Low Birthweight. 2007-05-30-д авсан.
  27. "Human Development Report 2006," United Nations Development Programme, pp. 363-366, November 9 2006
  28. [The World Factbook], U.S. Central Intelligence Agency, retrieved April 2, 2005.
  29. U.N. Statistics on Population Ageing, United Nations press release, February 28, 2002, retrieved April 2, 2005
  30. 3-D Brain Anatomy, The Secret Life of the Brain, Public Broadcasting Service, retrieved April 3 2005.
  31. Sagan, Carl (1978). The Dragons of Eden. A Ballantine Book. ISBN 0-345-34629-7
  32. http://www2.ignatius.edu/faculty/turner/languages.htm
  33. Royal C, Dunston G (2004). "Changing the paradigm from 'race' to human genome variation.". Nat Genet 36 (11 Suppl): S5-7. DOI:10.1038/ng1454.
  34. Hua Liu, et al (2006). "A Geographically Explicit Genetic Model of Worldwide Human-Settlement History". The American Journal of Human Genetics 79: 230–237.
  35. The Use of Racial, Ethnic, and Ancestral Categories in Human Genetics Research by Race, Ethnicity, and Genetics Working Group. Am J Hum Genet. 2005 77(4): 519–532.
  36. DECONSTRUCTING THE RELATIONSHIP BETWEEN GENETICS AND RACE Michael Bamshad, Stephen Wooding, Benjamin A. Salisbury and J. Claiborne Stephens. Nature Genetics (2004) 5:598-609
  37. Implications of biogeography of human populations for 'race' and medicine by Sarah A Tishkoff & Kenneth K Kidd. Nature Genetics 36, S21 - S27 (2004)
  38. Genetic variation, classification and 'race' by Lynn B Jorde & Stephen P Wooding. Nature Genetics' 36, S28 - S33 (2004)
  39. Jorde L, Watkins W, Bamshad M, Dixon M, Ricker C, Seielstad M, Batzer M (2000). "The distribution of human genetic diversity: a comparison of mitochondrial, autosomal, and Y-chromosome data.". Am J Hum Genet 66 (3): 979-88. DOI:10.1086/302825.
  40. (2005) "The use of racial, ethnic, and ancestral categories in human genetics research.". Am J Hum Genet 77 (4): 519-32.
  41. Edwards A (2003). "Human genetic diversity: Lewontin's fallacy". Bioessays 25 (8): 798-801. DOI:10.1002/bies.10315.
  42. Keita, S. O. Y., Kittles, R. A., Royal, C. D. M., Bonney, G. E., Furbert-Harris, P., Dunston, D. M., and Rotimi, C. M. (2004). Conceptualizing human variation: Nature Genetics 36, S17 - S20 (2004) Template:Doi
  43. Ferguson, Niall. "The Next War of the World." Foreign Affairs, Sep/Oct 2006

[Засварлах] Гадаад холбоос


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -